Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдаж, үүний 9 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,522-д хүрсэн бөгөөд үүний 11,732 нь нийслэлд, 2,785 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор 72 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нийслэлд 30, орон нутагт 42 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд хөнгөн оноштой 4, дунд оноштой 66, хүнд оноштой 2 хүн байгаа аж.
Насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,260 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанбурхан өвчний тархалт сүүлийн үед эрчимжиж байгаа бөгөөд халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм.
Иймд иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг зөвлөж байна. Вакцинд хамрагдаагүй иргэд өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах үүднээс вакцинд хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
