Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг наймдугаар сарын 5-нд АНУ-д эцсийн замд нь үднэ. Сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш О.Баярцогттой бид утсаар холбогдож, сошиалд цацагдаад буй мэдээллийг тодруулсан юм. Тэрбээр “Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулна” гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Ямар зорилготойгоор ийм мэдээлэл тарааж байгааг ойлгохгүй юм. Миний хувьд ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Талийгаачийг ирэх даваа гаригт АНУ-д эцсийн замд нь үднэ” гэв.
Талийгаачийн сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг Монголд наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.
Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар орхин одсон билээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.