Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

2026-03-27 13:301min
20260327-133029-file.jpeg
Анхан шатны шүүх шүүгдэгчдийн холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон ч шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болголоо.

Анхан шатны шүүх Э.Болорчулуун, Ц.Шижир, О.Магнай, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Б.Бямбацогт, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Цогжаргал, Х.Саруул нарын холбогдсон “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байна.

О.Магнайд холбогдох “Их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” үйлдэл болгон хөнгөрүүлэн өөрчилжээ.

Г.Идэрчулууны “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдыг заналхийлсэн” үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Б.Батцэрэн, Г.Идэрчулуун нарт холбогдох “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийн зүйлчлэлийг “Хайнга хандах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Анхан шатны шүүхийн үзэж байгаагаар албан тушаалын гэмт хэрэг нь нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн албанд итгэлийг алдагдуулдаг бөгөөд бусдыг залилан мэхэлсэн нь нийгмийн аюулын шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүх шүүгдэгчдийн гэм бурууг нотлох баримтын хүрээнд бүрэн дүгнэлт хийх ёстой ч, анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Мөн шүүх ял оногдуулахдаа гэм бурууг нарийвчлан дүгнэхгүйгээр зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзжээ.

Шүүгдэгчдийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, санаа зорилгыг харгалзан ял оногдуулах нь гэм бурууг ухамсарлах нөхцөл бүрдүүлэхээс гадна хууль ёсны шийдвэр гаргахад чухал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн бүхэлд нь хүчингүй болгожээ.