Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр ирэх долоо хоногт ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслэн, иргэд хаана, ямар замаар зорчиж байгааг биечлэн судална гэж мэдэгдэв. Тэд тухайн замын нөхцөл байдал, зорчиход тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох юм.
Энэ жил дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн нийт 94.1 километр урт явган болон дугуйн замыг шинээр тавихаар төлөвлөжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км явган болон дугуйн зам барих аж.
Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр замын өргөнийг 80 сантиметрээс доошгүй байхаар тооцоолсон байна.
