Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт айлчилж, аймгийн удирдлагууд болон Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.
Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөрүүд, хууль тогтоомж, тэр дундаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл болон улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хоорондоо уялдаатай үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм.
Говь-Алтай аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагууд болон ард иргэдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт эдгээр хөтөлбөрийн амжилтанд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Аймгийн удирдлага Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалах зэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Гэгээн нуураас ус татах “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлж, Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн байна.
Уулзалтад оролцсон иргэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлж, хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг 15 хувиар бууруулсан байна. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ.
Аймгийн 10 гаруй аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 аян” хөтөлбөрт хамрагдаж, 1.3 тэрбум төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.
Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, хүнсний бусад хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьжээ.
Гэвч банкны өндөр шалгуур, барьцаа хөрөнгө шаардлагатай тул “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хоёрдугаар шатанд орон нутгийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүссэн байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Говь-Алтай аймгийн иргэд юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 8.5 сая модны 80 орчим хувь нь ургалт сайтай байна.
Өнгөрсөн жил Алтай хотод үйлчилгээтэй орон сууцны цогцолбор, Бигэр, Бугат суманд орон сууц барьсан бөгөөд “Тайшир” шохойн үйлдвэр ашиглалтад орсноор 200 орчим ажлын байр шинээр бий болсон байна.
Одоогоор Алтай хотод 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж болон 31 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна.
Энэ онд Есөнбулаг суманд Соёл амралтын хүрээлэн, сургуулийн спорт заал, ахмадын сувилал, Эрдэнэ суманд 320 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль, Цээл суманд сургуулийн дотуур байр, Алтай суманд хүүхдийн цэцэрлэг барих ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Дарви суманд “Харгана түрүү” усалгааны систем байгуулна.
Аймгийн удирдлагууд саяхан Улаанбаатар хотод дотоод, гадаадын 400 гаруй хөрөнгө оруулагч, 15 орны Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зохион байгуулжээ.
Говь-Алтай аймгийн иргэд бүс нутгийн болон улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэж, ололт амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүүхэд, нярайн зөвлөх их эмч, клиникийн профессор Самбуугийн Жаргахсайханд Хүний гавьяат эмч, “Илч-Алтай” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан, нягтлан бодогч Бэгзийн Чандагт Гавьяат эдийн засагч, “Баян Алтайн Оргил” биеийн тамирын хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Бадарын Хандаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна.
