Эрчим хүчний салбарын өргөтгөсөн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, нөөцлөлтийн асуудлыг хэлэлцэв

2026-03-25 13:301min
20260325-133022-file.jpeg
2026 оны 3 дугаар сарын 24-нд болсон эрчим хүчний салбарын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, нефтийн бүтээгдэхүүний нөөцлөлт, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.

2026 оны 3 дугаар сарын 24-нд Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд салбарын дөрвөн үйлдвэр, компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд оролцож, хурлыг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн удирдлаа.

Үйлдвэр компаниудын гүйцэтгэх удирдлагууд эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас үүдэн хөрөнгө мөнгөний дутагдал үүсч, бэлтгэн нийлүүлэгчдэд өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан талаар танилцууллаа. Мөн ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй болсон нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Эрчим хүчний дэд сайд үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

– 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төлөвлөгдсөн хугацаанд гүйцэтгэх;
– Олон улсын гадаад нөхцөл байдалтай уялдуулан дизель түлш, мазут, шатах тослох материал зэрэг нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарал хандуулах;
– Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд хөрс хуулалт, уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болголоо.