Шатахууны үнийн өсөлт, нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр 2026 оны төсөвт шатахууны нөөцийн сав барихад зориулан 20 тэрбум төгрөгийн төсөв батлуулах саналыг яамнаас гаргасан талаар онцлов. Мөн аж ахуйн нэгжүүдэд хүүгийн татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж, 200 мянган метр куб савны багтаамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Ингэснээр одоогийн нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг нэг сараар илүү хугацаанд нөөцлөх боломж бүрдэнэ гэж мэдэгдэв.
Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ богино хугацаанд 70 ам.доллараас 110 ам.доллар болж өссөн байна. Энэ нь олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа бөгөөд ОХУ-ын эдийн засгийн хориг цуцлагдсанаар нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нэмэгдсэн нь эрэлтэд нөлөөлж байна гэж тайлбарлав. Газрын тосны үнэ тасралтгүй өсч байгаа аж.
АИ-92 шатахууны үнэ одоогоор 705 төгрөгөөр тогтвортой байгаа бөгөөд хоёр сарын дараах нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өөрчлөлт хийх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Харин дизель түлшний үнэ нэмэгдэх шаардлага үүссэн бөгөөд эхний ээлжинд 300 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэ үнийн өсөлт инфляцид хүчтэй нөлөөлөхгүй гэж үзэж байгаа бөгөөд дизель түлшний үнэ нэмэгдсэн ч инфляцид үзүүлэх нөлөө нь АИ-92 шатахуунаас бага гэж тодорхойллоо.
Цаашид олон улсын нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл дизель түлшний үнийг тодорхой хэмжээгээр дахин нэмэгдүүлэх магадлалтай ч үүнийг нэг дор 1000-1500 төгрөгөөр огцом нэмэхгүй гэдгийг онцлов. Хэт өндөр үнийн өсөлт нь хомсдол үүсгэж, инфляцид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргах юм байна.
