Улаанбаатар хотод хаяг, зар сурталчилгааны стандартыг мөрдүүлэх ажил эхэллээ

2026-03-23 16:301min
20260323-163030-file.jpeg
Нийслэлд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны стандартыг мөрдүүлэх ажлыг 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлүүлжээ. Төвийн зургаан дүүрэгт жишиг гудамж бий болгох төлөвлөгөөтэй байна.

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газартай хамтран ажиллаж буй НХШГ-ын Орчны аюулгүй байдал хариуцсан улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа хэлэхдээ, гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдийн гомдлын ихэнх нь гадаад хэл дээр бичигдсэн хаягжилттай холбоотой байдаг гэжээ. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил их байгааг онцолсон байна. Нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш стандартын зөрчил нэмэгдсэн бөгөөд бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа ч стандартын шаардлагыг хангахыг зөвлөж байна. Энэ хүрээнд төвийн зургаан дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгохоор ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан байна. Энэхүү шаардлагууд нь зөвхөн хаягжилт бус гадна орчин, тохижилтыг ч хамарч байна.

Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах гол шаардлагууд:
– Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангах
– Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулах
– Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх
– Хаягийг монгол хэлээр бичих бөгөөд англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичих
– Хаягийг нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байрлуулах
– Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй байх
– Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй байх
– Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байрлуулах

Эдгээр шаардлагыг мөрдүүлж, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.