Дархан-Уул, Орхон аймагт шар усны үерийн улмаас онцгой байдлын алба ажиллаж байна

2026-03-23 10:001min
20260323-100022-file.jpeg
Дархан-Уул, Орхон аймгийн зарим сумдад шар усны үер орж, Онцгой байдлын алба ус соруулж, хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Задгайд байрлах Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах руу шар усны үер орсон талаар 3-р сарын 19-ний 20:21 цагт Онцгой байдлын албанд дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг насосоор соруулан гольдрол руу гаргаж байна. “Хово” загварын автомашинаар 18 м³ хайргыг үрийн агуулахаас зүүн талд дэвсэж, үрийн агуулахаас 6 тэвш улаан буудайг хуурай газар шилжүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодод нэг айлын хашаа шар усанд автсан тухай дуудлагыг 3-р сарын 22-ны 19:10 цагт хүлээн авч, Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчид очиж ажилласан байна. Иргэн А-ийн байшин, гэр, хашаа шар усанд автсан бөгөөд мотопомпоор 16.2 тонн ус соруулан гадагшлуулжээ.