Онцгой байдлын алба хаагчдад үүрэг гүйцэтгэсэнд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жил бүр дунджаар 4400 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, 5300 хүний амь нас болон 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалдаг.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
Шинэчилсэн журмаар аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоогоор 85 хувийн мөнгөн урамшуулал олгохоор заажээ.
Мөн буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд 105 хувь, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд 44 хувийн мөнгөн урамшуулал олгохоор тус тус тусгасан байна.
Түүнчлэн гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хувийн мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.
