Татварын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо

2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Тэрбээр 1992 онд шинэ татварын тогтолцоо байгуулагдсан бөгөөд орлогын татварыг бууруулж, онцгой татвар нэвтрүүлснээр НӨАТ-ын системийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэж онцлов. 2007 онд татварын шинэчлэл хийгдэж, НӨАТ болон уул уурхайн салбарын татварыг бууруулах боломж нээгдсэн байна. Харин 2019 онд татварын багц шинэчлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, цахимжуулах, олон улсын татварын дүрэмд шилжих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлжээ. Мөн уул уурхайн эдийн засагтай орнуудад орлогын тэгш бус байдал, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварын асуудал тулгамддаг болохыг дурдлаа.
Цаашид 2025 оны татварын хуулийн шинэчлэлээр шаталсан татварын тогтолцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, 13,000 гаруй компани, иргэдээс 176,000 гаруй санал авсан байна. Шинэчлэлийн хүрээнд шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, өрхийн орлогыг хамгаалах татварын бодлого хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд нэмэлт ачаалал үүсгэдэггүй, бүх нийтээр шударга төлдөг НӨАТ-ын орчин бүрдүүлэх, их өгөгдөлд суурилсан татвар, гаалийн байгууллагын реформыг хэрэгжүүлэх зорилго тавьжээ. Тодруулбал, иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлэх, татварын ачааллыг бууруулах, бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжиж, татварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаахыг зогсоох, бүх нийтээр шударга төлдөг тогтолцоог бий болгох, татвар, гаалийн байгууллага татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахыг зорьж байна.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын өнөөгийн нөхцөл байдал болон олон нийтийн хэлэлцүүлгээс ирүүлсэн саналын талаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын гишүүд С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Б.Заяабал, Б.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар татварын багц хуулийн шинэчлэлийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, С.Цэнгүүн гишүүн хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх санал гаргасан бол Б.Заяабал гишүүн татварын багц хууль хоёр засгийн газар дамжиж, иргэд олон нийтэд хүлээлт үүссэн талаар шүүмжилж, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг татварын хууль хэрхэн дэмжих талаар асуужээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
