Малайз дахь Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдлаа

Малайз улсад онц хэрцгий хэргийн хохирогч болон амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан захирамжаар 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэгт гавьяат багш С.Шаарийбуу, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтжээ.
Гавьяат багш С.Шаарийбуу УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан эхийн эрхийн төлөө гарын үсэг зурах хүсэлт тавьсан байна. Парламентын эмэгтэй гишүүд энэ хэрэгт дуу хоолойгоо нэгтгэж, гарын үсэг цуглуулснаар Малайзын засгийн газар болон хүний эрхийн олон улсын байгууллагад хандах боломжтой болохыг тэрээр онцлов.
Тэрбээр өмнө нь хэлэхдээ, Монголын төрд анх удаа хандсан бөгөөд шуурхай шийдвэр гаргасан нь сайшаалтай гэж дүгнэсэн байна. Малайзын засгийн газраас өмнө нь олон удаа эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэ удаа Холбооны шүүхэд давж заалдах хүсэлт гаргаснаар Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрхтэй болсон гэж мэдэгджээ.
Мөн Малайз, Австралитай хэрхэн харилцах талаар хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан ч мөнгөний төлөө явж байна гэж буруу ойлгож байгааг онцолсон юм.
Эцэст нь “уучлалт гуйх” үгийг хэлүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлж, төр миний төлөө ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэв.
