Ж.Энхбаяр Төмөр замын салбарын хөгжлийг дэмжих талаар уулзав

2026-03-18 09:301min
20260318-093021-file.jpeg
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэнтэй уулзаж, төмөр замын салбарын хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэнг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ өсөж, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн УБТЗ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хөгжлийн бодлого болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бүс нутгийн худалдаа, логистикийн урсгал нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээврийн салбарын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс тавьсан саналуудыг эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, тооцоо судалгаа нэн яаралтай хийж танилцуулахыг даалгав. Уулзалтад талуудын холбогдох албаны хүмүүс оролцов.