Нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Улаанбаатар хотод баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудын ашиглалтад орох хугацаа болон удаашралтай байгаа барилгын асуудлуудыг хэлэлцсэн юм.
2020-2024 онд нийслэлд 114 цэцэрлэг, 45 сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан байна. Харин 2025 онд 19 цэцэрлэг, 7 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал нийт 35 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2026-2028 онд нийт 1.2 их наяд төгрөгийн өртөгтэй 139 сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд 53 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.
Төсвийн эх үүсвэрийн хувьд улсын төсвөөр 40, нийслэлийн төсвөөр 60, дүүргийн төсвөөр 16, Азийн хөгжлийн банкны төслөөр 22, бусад эх үүсвэрээр 3 барилга баригдаж байна.
Энэ онд нийт 67 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд 26 сургууль, 29 цэцэрлэг, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна. 2026 оны эхний гурван сарын байдлаар 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал нийт 9 барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.
Хугацаандаа ашиглалтад орохгүй удаашралтай байгаа 33 барилгын асуудлыг шийдвэрлэхээр 2023 оноос Яам, Нийслэл, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг ажиллажээ. Одоогоор 12 барилгын асуудлыг шийдвэрлэж ашиглалтад оруулсан, 11 барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Гэсэн хэдий ч 3 барилга шүүхийн маргаантай, 7 барилга нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа аж.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, удаашралтай байгаа барилгуудыг онцгойлон анхаарч ажиллах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Нийслэл сүүлийн жилүүдэд боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улсын төсвөөр 40, орон нутгийн төсвөөр 74 барилгыг барьж байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.
