Б.Бейсен гишүүн онгоцонд зорчигчийн амь аварчээ

2026-03-16 11:001min
20260316-110046-file.jpeg
УИХ-ын гишүүн Б.Бейсен Turkish Airlines онгоцонд зүрх нь тасалсан зорчигчийг цаг алдалгүй эмчилж амь насыг нь аварсан талаар мэдээлэл гарлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа УИХ-ын гишүүн Б.Бейсен Turkish Airlines компанийн Станбулаас Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчигчийн амь аварсан талаар мэдээлжээ.

Тэрбээр онгоцны нислэгийн үеэр нэг зорчигчийн бие муудсан бөгөөд нислэгийн баг онгоцонд эмч мэргэжилтэй хүн байвал яаралтай холбогдохыг зарласан гэж тэмдэглэсэн байна.

Б.Бейсен гишүүн зүрх нь тасалж, даралт нь 220 хүрсэн эмэгтэй зорчигчийг онгоцонд байсан эмнэлгийн хэрэгслүүдийг ашиглан цаг алдалгүй эмчилж амь насыг нь аварчээ.

Хэрвээ онгоцонд эмч байхгүй байсан бол онгоц зөвшөөрөл авч аль нэг оронд буух шаардлагатай болох байв. Б.Бейсен гишүүн онгоцонд явсан цорын ганц эмч байсан бөгөөд турк хэлээр чөлөөтэй харилцаж чадсан нь зорчигчдыг тайвшруулсан гэжээ.

Тэрээр мөн Монгол Улсын хүний гавьяат эмч мэргэжилтэй бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга юм.