Монгол Улс 2026 онд найман олон улсын спортын тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар 2026 онд спортын найман олон улсын, тив, дэлхийн чанартай тэмцээн зохион байгуулахаар баталсан жагсаалтыг хавсралтаар баталжээ. Эдгээр тэмцээний зохион байгуулалтад шаардагдах санхүүжилтийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас гаргана.
Энэ жил Монгол Улсад дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн, Ази тивийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн насанд хүрэгчдийн таеквондогийн XXVII аварга шалгаруулах тэмцээн, олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн, Ази тивийн насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулах юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд эдгээр тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулалтыг өндөр түвшинд явуулах, мөн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг даалгавар өгсөн байна.
