Авлигатай тэмцэх газраас 2026 оны эхний хоёр сард авлигын зөрчилтэй холбоотой 128 өргөдлийг шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газраас 2026 оны эхний хоёр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 232 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүнээс 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албан, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан байна.
Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэх үеэр удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан бөгөөд зарцуулалтыг тайлагнаагүй байна. Мөн удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад төрийн албан хаагчдад нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зөрчил илэрсэн байна.
Хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцсон бөгөөд зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль хэрэгжилтийг хангах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг нийт 16 байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.
