Туулын хурдны замын газар шорооны ажил ирэх сарын 15-наас эхэлнэ

“Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан, 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан байна.
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан бөгөөд инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмдөж, судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн байна. Авто замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулжээ.
Авто зам, гүүр, хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
“Туулын хурдны зам” нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт авчрах дэд бүтцийн томоохон төсөл юм. Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн.
Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.
