УБЦТС ТӨХК энэ онд төлөвлөгөөт засварыг 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл гүйцэтгэнэ

УБЦТС ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон 0.4-35 кВ-ын цахилгаан шугам, тоноглолын ашиглалтыг хариуцдаг.
Тус компани нийслэлийн төвийн 7 дүүрэг болон Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг ханган ажиллаж байна.
Цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүрийн 3-5 дугаар сард аянгын улирлын өмнөх бэлтгэл, 5-8 дугаар сард урсгал засвар, түгээх сүлжээний шинэчлэлт, 7-10 дугаар сард өвлийн ачааллын үед хэт ачаалал үүсэх магадлалтай шугам, тоноглолыг өргөтгөх, ачаалал хөнгөлөх, эрсдэл бууруулах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэдэг.
Энэ оны төлөвлөгөөт засварын хүрээнд 2132 нэр төрлийн засварын ажлыг 3 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 10-ны хооронд батлагдсан хуваарийн дагуу хийнэ.
Ажлын хүрээнд ашиглалтын хугацаа дууссан, хугарч унах эрсдэлтэй 0.4-35 кВ-ын 1144 тулгуур, 0.4 кВ-ын 8000 холболтын хавчаар, 1000 тоолуурын нэгдсэн хайрцгийн буултын кабелийг сольж шинэчлэх, 6-35 кВ-ын 20 реклоузер, 60 хуурай салгуур суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг хөнгөлөх ажлууд багтаж байна.
Эдгээр засварын ажил явуулах хугацаанд нийт хэрэглэгчдийн 27.2 хувийн цахилгаан хэрэглээ тасрахгүйгээр хангагдах юм.
Төлөвлөгөөт засварын талаарх албан ёсны мэдээлэл, баталгаат хуваарийг УБЦТС ТӨХК-ийн https://www.tog.mn/account/5 цахим хуудас болон фэйсбүүк, инстаграмм зэрэг нийгмийн сүлжээн дэх https://www.facebook.com/ubedn хуудаснаас авах боломжтой.
Мөн засварт хамрагдах хэрэглэгчдэд гэрээт утасны дугаараар мессэжээр мэдээлэл хүргэж байна.
