Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан түгээх журмыг шинэчиллээ

2026-03-04 15:341min
20260304-153410-file.jpeg
Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний цахилгааныг түгээх журмыг хялбаршуулж, хүчдэлийн чадлыг нэмэгдүүлэн, төлбөрийг сар бүр олгох зохицуулалт хийлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн шинэчилсэн журмын талаар мэдээлэл өглөө.

Шинэчилсэн журмын дагуу хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх журам Эрчим хүчний сайдын 2026 оны 3 дугаар сарын 2-ны 42-р тушаалаар шинэчлэгдсэн байна. Өмнөх журамд техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, зураг төсөл шаарддаг байсан бөгөөд шийдвэрлэх хугацаа 3-6 сар байсан юм.

УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэхүү журмыг хялбаршуулж, хэрэглэгч, аж ахуйн нэгжээс гадна СӨХ, иргэдийн хамтрал зэрэг шинэ оролцогчдыг нэмсэн байна. Төлбөрийг жилд нэг удаа олгодог байсан бол одоо сар бүр олгохоор зохицуулжээ. Мөн цахилгаан түгээх сүлжээний зардлыг төлбөрт тусгахаар болсон байна.

Түгээх сүлжээний хүчдэлийн чадлыг 0.4 кВт-аас 10 кВт-д хүргэж нэмэгдүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч компанийн эрх үүргийг тодорхой болгож, тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоог 3-4 дахин нэмэх боломжтой болгожээ.

Угсрах, суурилуулах, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг өмнөх 3-6 сарын хугацаанаас багасгаж, айл өрх, иргэний хүсэлтийг 11 хоногт, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 28 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна. Бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой болгож, маягт боловсруулан бэлэн болгосон бөгөөд ЭХЯ-ны вэб сайт, фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

Өнөөдрийн байдлаар 111 иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчний цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлж байгаа бөгөөд үүнээс 76 нь айл өрх, 35 нь аж ахуйн нэгж байна.