2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчил 10.9 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 496,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар буурсан гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Эдгээр зөрчлийн 88.3 хувь нь нийслэлд, 11.7 хувь нь орон нутагт гарсан байна. Зөрчлийн 99.5 хувийг Цагдаагийн Ерөнхий Газраас, үлдсэн 0.5 хувийг Гаалийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар болон Гадаадын иргэн, харьяатын газруудын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 487,222 буюу 98.2 хувийг газар дээр нь шийдвэрлэсэн бол 6,364 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 563 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна. Мөн 1,869 буюу 0.4 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Хоёрдугаар сард зөрчил гаргасан 476,316 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 11.4 хувиар буурсан бол 19,808 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.7 хувиар өссөн байна.
Зөрчлийн хэрэгт холбогдсон 6,628 иргэнийг хүйсээр нь авч үзвэл 74.6 хувь нь эрэгтэй, 25.4 хувь нь эмэгтэй бөгөөд 56.7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.
Зөрчлийн улмаас 2026 оны хоёрдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 6.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 2.08 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.
Зонхилон үйлдэгдсэн зөрчил өмнөх сартай харьцуулахад:
– Нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.3 хувиар,
– Танхайрах зөрчил 46 хувиар,
– Хүний биед халдах зөрчил 20.8 хувиар,
– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 51.9 хувиар,
– Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 29.1 хувиар,
– Хулгайлах зөрчил 56 хувиар,
– Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.5 хувиар буурчээ.
Түүнчлэн согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 208 бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 89.1 хувиар өссөн байна.
