2026 оны төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

2026 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад Улаанбаатар хотод 1,540, улсын хэмжээнд нийт 3,092 иргэн бүртгүүлсэн байна.
Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны гуравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилагдсан байна.
Төрийн Албаны Зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэхдээ, төрийн алба нь өндөр хариуцлага, ёс зүй, мэдлэг чадвар шаардсан нэр хүндтэй алба бөгөөд энэхүү шалгалтаар дамжуулан төрийн жинхэнэ албанд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортой, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой гэв.
Тэрбээр мөн жилээс жилд төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгааг төрийн албаны үнэлэмж, итгэлцэл нэмэгдэж байгаатай холбон тайлбарлав. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж төрийн байгууллагуудад ажиллуулдаг бөгөөд жилд дөрвөн удаа шалгалт зохион байгуулж, дунджаар 4,000 гаруй иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгддэг байна.
Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл хэлэхдээ, энэ улиралд улсын хэмжээнд 3,092 иргэн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэнийг шаардлагад нийцсэн нөхцөлөөр шалгалтад хамруулахаар бэлтгэл ажил хангагдсан гэв. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүх үйл ажиллагааг цахимжуулснаар цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгосон нь чухал шинэчлэл болсон гэж тэмдэглэв.
2025 онд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 6,992 иргэн бүртгүүлж, 4,740 иргэн шалгалт өгснөөс 2,094 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.
