Рэнчинлхүмбэ сумын зургаан жил гацсан сургуулийг Азийн хөгжлийн банкны зээлээр дуусгана

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зургаан жил гацсан ерөнхий боловсролын сургуулийн барилгыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж дуусгахаар боллоо.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл тус суманд ажиллаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.
2017 онд баригдаж эхэлсэн уг сургуулийн барилгын ажил 75 хувьтай гүйцэтгэсэн ч санхүүжилт дууссан тул барилгыг улсын комисс хүлээн авсан юм. Гэвч барилгын хана цуурсан асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд хянан шалгаж байгаа аж.
Боловсролын сайд П.Наранбаяр хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд суралцах ёстой гэж онцлон, маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлэхийг хүлээлгүйгээр барилгыг гүйцээх шаардлагатайг хэлжээ. Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас төслийг дэмжиж хамтран ажиллахыг хүссэн бөгөөд банкны төлөөлөл газар дээр нь судалгаа хийсний үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Ийнхүү 2019 оноос хойш царцсан байсан сургуулийн барилгыг дуусгах ажил эхэлнэ.
Мөн уулзалтын үеэр нутгийн удирдлага Хөвсгөл аймгийн хөрс мөнх цэвдэгтэй тул энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолжээ. Иймээс газрын суурийг тавих үед мөнх цэвдгээс үүдэлтэй эрсдэлээс сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Боловсролын сайд сануулсан байна.
