Ц.Балдоржийн “Хориотой” жүжиг дахин тайзнаа амилна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдэд хүрч байв. Энэ удаад “Орфей” театрын найруулагч М.Батболд болон “Xermel” багийнхан хамтран уг жүжгийг дахин тайзнаа амилуулж байна.
Уран бүтээлчид “Хориотой” жүжгийн үзэл санаа өнөөгийн нийгмийн шаардлага, хүсэлт, хүлээлттэй нийцэж буйг онцолсон байна. Шилжилтийн үеийн нийгэмд ажиглагдаж байсан үзэгдэл өнөөдөр ч хэвээр байгааг хэвлэл мэдээлэл тогтмол онцолдог бөгөөд монголчуудын дунд тодорхой мессеж илгээсээр байна.
Найруулагч М.Батболд өмнө нь И.Гётегийн “Фауст”, Ф.Достоевскийн “Гэм зэм”, Ж.Оруэлийн “1984” зэрэг дэлхийн хэмжээний зохиолыг пост-драм хэлбэрээр найруулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн туршлагатай юм. Энэ удаад “Орфей” театр “Xermel” буюу жүжигчин Жижгээ, Цогтоо, Баясаа, Зоригоо нартай хамтран ажиллах шийдэлд хүрсэн нь анхаарал татаж байна.
Хошин урлагт танигдсан залуу жүжигчдийг М.Батболд хэрхэн драмын тайзнаа нээх, мөн “Орфей” театр монгол зохиолчийн бүтээлийг хэрхэн амилуулах нь үзэгчдийн хүлээлтийг нэмэгдүүлж байна. Тэд Ц.Балдорж сан болон “Х ТҮЦ” продакшнаас зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч, “Хориотой” жүжгийн төсөлд оролцож байна.
“Хориотой” жүжиг гуравдугаар сарын 7-ноос 18-ныг дуустал “Zaisan Hill” ордонд тоглогдоно.
