Монгол Улсад хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж байна

2024 оны байдлаар Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүсч, энэ нь нийт хатуу хог хаягдлын 7.2 хувийг эзэлж байна. Үүнээс 55.8 мянган тонн буюу 29.2 хувийг дахин боловсруулсан нь хуванцар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг харуулж байна.
Одоогоор улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж, Улаанбаатар хотод жилдээ 44,420 тонн хуванцар боловсруулах суурилагдсан хүчин чадал бий болсон байна.
Хог хаягдлыг ангилан ялгах, эргүүлэн татах тогтолцоог сайжруулж, технологийн шинэчлэл хийх замаар булшлах хог хаягдлын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.
Иймд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратегийн чухал хэсэг юм.
Үүний тулд хогоо ангилж, нэг удаагийн хуванцраас татгалзах, хуванцрын хэрэглээг багасгах шаардлагатай.
Дахивар тушаах төвүүдэд “Ти Эм Эл Пластик” ХХК, Төвшин сайхан төв, “Хэв хашмал хуванцар” ХХК, “Эко цаас” ХХК, “Нью Метод” ХХК, “Электрокем Монгол” ХХК болон хаягдал цаас боловсруулах үйлдвэр багтдаг.
Эх сурвалж: БОУАӨЯ
