Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хамтын ажиллагаа өргөжиж байна

2026-02-23 12:001min
20260223-120029-file.jpeg
Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, худалдаа, ложистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх олон төсөл хэрэгжиж байна.

Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, худалдаа, ложистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон санаачилгууд идэвхтэй хэрэгжиж байна.

Талууд коридорын хүрээнд хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталгаажуулж, бүс нутгийн интеграцыг гүнзгийрүүлэх зорилгоо баталгаажуулжээ.

Дэд бүтэц, тээврийн салбарт гурван улс төмөр зам, авто замын коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан ложистикийн системийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, төв коридорын төмөр замын шинэчлэлийн хүрээнд 2030 он гэхэд ачаа тээврийн хүчин чадлыг 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Мөн Азийн хурдны авто замын AH3, AH4 чиглэлийн замын сүлжээг сайжруулах асуудлыг хэлэлцэж байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 30 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны салбаруудыг хамарна. Хил дамнасан ложистик төв, үйлдвэрлэлийн бүс байгуулах нь бүс нутгийн худалдааны урсгалыг нэмэгдүүлэхэд чухал хүчин зүйл гэж талууд үзэж байна.

Эрчим хүчний салбарт “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл нь Оросын байгалийн хийг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу экспортлох зорилготой бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх юм. Энэхүү төсөл нь гурван улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид дүгнэж байна.

Монгол–Хятад–Оросын эдийн засгийн коридор нь Евразийн тээвэр, худалдаа, эрчим хүчний шинэ зангилаа бий болгох стратегийн төсөл бөгөөд эдийн засгийн хараат бус байдлыг хангах үүднээс гуравдагч хөршийн бодлоготой уялдуулан тэнцвэртэй хэрэгжүүлэх нь чухал гэж судлаачид онцолж байна.