Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх 23 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа

2026-02-19 09:301min
20260219-093025-file.jpeg
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Франц Улсад хийсэн айлчлалынхаа үеэр иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн төслийн гэрээнд Thales компанитай гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээнд дэлхийд тэргүүлэгч технологийн компани Thales-тай гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотод байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулах бөгөөд кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Төслийн 85 хувийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance экспортын зээл хэлбэрээр олгохоор тохиролцсон байна.

Санхүүжилтийг Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк дамжуулан авах бөгөөд гэрээнд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.