Монгол Улсын төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээллээр, өнгөрсөн сард нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.7 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 37.4 тэрбум төгрөгөөр өссөн аж.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого өнгөрсөн сард 1.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 135.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд нийгмийн даатгалын орлого 16.5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 58.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч онцгой албан татварын орлого 50.3 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 71.8 хувь, гадаад үйл ажиллагааны төлбөр 3.4 хувиар 2024 оны нэгдүгээр сарынхаас буурсан тухай Үндэсний статистикийн хороо тайланд дурдсан байна.
