УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны явцыг хянав

2026-02-09 15:301min
20260209-153039-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгын ажлын хэсгүүдийн ахлагч нартай уулзаж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, орон нутгийн төсвийн асуудлуудыг хэлэлцэв.

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсов.

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга Н.Учрал тойргийн гишүүд болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажилласан бөгөөд энэ үеэр иргэд, олон нийтээс гарсан нийтлэг асуудлуудыг ажлын хэсгүүдэд уламжилж, анхаарч ажиллахыг хүсэв.

Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай тогтоогдож, хөдөлмөрийн хөлстэй холбоотой шийдвэрүүд хэрэгжихгүй байгааг, мөн цомхотгол нь байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж байгааг холбогдох ажлын хэсгүүд анхаарах шаардлагатай гэж үзэв.

Ахмадуудын тэтгэвэр болон нийгмийн халамжийг нэмэгдүүлэх саналыг иргэд гаргасан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ болон газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэх саналыг танилцуулжээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн аймаг, суманд илүү хуваарилах асуудлыг онцолсон байна.

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байхыг анхаарахыг хүсэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, ажиллах, амьдрах орчныг сайжруулах саналыг танилцуулсан бөгөөд энэ чиглэлд анхаарал хандуулахыг чиглэл болгожээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “Нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлага байгааг онцолсон байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр, дээрх асуудлуудыг ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга Н.Учрал чиглэл болгожээ.