Их дээд сургуулийн дипломын хуурамч баримт ашиглахыг анхааруулж байна

Дархан-Уул аймагт оршин суух иргэн танил “Б”-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч, залилуулсан хэрэг гарчээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, худалдсан тохиолдолд торгох, хорих хүртэл ял оногдуулах заалт бий. Үүнд тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичиг, диплом зэрэг багтдаг.
Хуурамч баримт бичиг нь тухайн хүний ирээдүй, нэр хүнд, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулдаг бөгөөд хуулийн хариуцлага хүлээх нөхцөл үүсгэдэг.
Иргэд их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээг зөвхөн албан ёсны байгууллагаар дамжуулан, улсын бүртгэлд бүртгэгдсэн серийн дугаартай авахыг анхааруулж байна. Мөн хууль бус санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
