ОТП банк Монгол дахь үйл ажиллагаагаа хууль шинэчлэгдсэн тохиолдолд эхлүүлэх сонирхлоо илэрхийллээ

2026-02-05 10:361min
20260205-103620-file.jpeg
Унгар Улсын ОТП банк Монголын банкны тухай хууль шинэчлэгдсэн тохиолдолд Монголд үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийллээ. УИХ-ын дарга эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар 2026 оны 2 дугаар сарын 4-нд Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзав.

Уулзалтаар ОТП банк Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомжийг шинэчлэхэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тодорхой болсноор Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тус банк нь хувьцаа эзэмшигчдэд тавигддаг хязгаарлалт, зарим ерөнхий зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд хуульд тодорхой өөрчлөлт орвол стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ онцлов.

ОТП банкны олон улсын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан байна. 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн том, хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк бөгөөд Төв болон Зүүн Европын 11 улсад 1,206 салбараар үйл ажиллагаа явуулдаг.

2025 оны гуравдугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө 115.2 тэрбум ам.доллар, нийт зээлийн багц 60 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хувьцааны 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан эзэмшиж, үлдсэн 45 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг аж.

УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг дэмжиж байгаагаа онцолсон юм. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд татахыг дэмжихээ илэрхийлэв.

Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.