Монгол ямааны мах Вьетнамд нийлүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал болон БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тонн ямааны мах экспортолсон бөгөөд Вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлсэн гэж Элчин сайд Нгуен Дуан Тань мэдээллээ.
Мөн уулзалтаар төрийн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.
Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
