Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийг 300 тэрбум төгрөгөөр батлав

2026-01-29 08:061min
20260129-080612-file.jpeg
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум төгрөг хүртэл байхаар баталлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд болон Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум төгрөг хүртэл байхаар баталлаа.

Энэхүү шийдвэрийн дагуу улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байдлаар Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулж, мөн банкны системд нөлөө бүхий банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр хөрөнгө оруулж болно гэж заасан.

Мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар хуульчилсан байдаг.