ЭМЯ: Нипах вирусийн халдварын талаарх мэдээлэл

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нипах вирусээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас нипах вирусийн халдварын зам, халдварлалт болон хүндрэл зэрэг талаарх мэдээллийг нийтэллээ.
Нипах вирус нь жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй зоонозын халдварт өвчин юм. Халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнсээр, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үздэг.
Эмнэлзүйн хувьд нипах вирусийн халдвар нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл үүсгэж, нас баралтын түвшин 40-75 хувьтай байна. Одоогоор халдварын эсрэг вакцин болон вирусийн эсрэг эмчилгээ байхгүй.
Нипах вирусийн халдвар 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгдэж байна. Энэтхэгийн Баруун Бенгал болон Керала мужид халдварын тохиолдлууд бүртгэгдэж, Керала мужид 2025 оны наймдугаар сард дөрвөн хүн өвчилж, хоёр хүн нас барсан байна.
Бангладеш Улсад 2001 оноос хойш жил бүр нипах вирусийн халдвар бүртгэгдэж, 2025 оны эхнээс наймдугаар сарын хооронд дөрвөн нас баралт бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь хоорондоо холбоогүй тохиолдлууд юм. Бүгд Найрамдах Бангладеш Улсад нийт 347 батлагдсан халдвар бүртгэгдэж, нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага гэж үнэлсэн бөгөөд 2025 онд Энэтхэг, Бангладешийн бүртгэгдсэн бүх тохиолдол дотоодын халдвар байсан гэж мэдээлжээ.
Одоогоор олон нийтийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэгийн Баруун Бенгал мужид таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа талаар мэдээлэл гарсан ч ДЭМБ-аас албан ёсоор баталгаажуулаагүй байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдэгдэв.
