Улаанбаатар хотын мега төслүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байна

2026-01-27 10:301min
20260127-103038-file.jpeg
2025 онд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиудын дагуу 10 мега төсөл гэрээлэгдэж, 200 гаруй жижиг, дунд төсөл хэрэгжиж байна. Тендерт техник, чанарын үзүүлэлтээр тэнцсэн, хямд үнэ санал болгосон компаниуд шалгардаг.

Нийслэл Улаанбаатар хотод 2025 онд 16 мега төслөөс 10 нь гэрээлэгдсэн бөгөөд 200 гаруй жижиг, дунд төсөл, хөтөлбөрүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон бусад холбогдох хуулиудын хүрээнд хэрэгжиж байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар техник, чанарын үзүүлэлтээр тэнцсэн, хямд үнэ санал болгосон компаниуд тендерт шалгардаг гэв. Энэ хуулийн дагуу Сэлбэ хотын инженерингийн дэд бүтцийн багцууд, Хүннү хотын ариутгах татуурга, Эмээлт эко аж үйлдвэрийн ариутгах татуурга, дулаан, цахилгааны станц, Туулын хурдны зам зэрэг төслүүдэд зохицуулалт хийгдэж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдаж, 2025 онд шинэчлэгдсэн бөгөөд нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжих төслүүдэд чиглэдэг. 2025 онд анх удаа ТЭЦ-5, хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслүүд гэрээлэгдсэн байна. Хуулийн дагуу гэрээний дөрвөн үе шат буюу урьдчилсан судалгаа, бүрэн шинжилгээ, сонгон шалгаруулалт, уралдаант сонгон шалгаруулалтын шат дамждаг бөгөөд НИТХ-аар дөрвөн удаа хэлэлцэж, шалгаруулалт 8-12 сарын хугацаанд үргэлжилдэг. 2025 оны шинэчлэлээр сүүлийн хоёр шат нэгтгэгдсэн.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нураан төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, нийгмийн дэд бүтцийн төслүүдэд зохицуулалт хийдэг. Энэ хүрээнд Ханын материал орон сууцжуулах төсөл, Сэлбэ хотын нийгмийн 15 багц ажил, 40 орчим ашиглалтын шаардлага хангахгүй байрыг дахин төлөвлөх ажлуудын сонгон шалгаруулалт явагдаж байна.

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хотын төвлөрлийг бууруулах, түгжрэл, орчны бохирдлын нөлөөллийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд хамаардаг. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг уг хуулийн дагуу хэрэгжүүлсэн байна.

Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар тус хотын төлөвлөлт, хөгжүүлэлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд дэд бүтцийн 15 багц ажил дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Дүүжин замын тээвэр, Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд хэрэгжиж байгаа ба олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд ч үргэлжилж байна гэж Т.Даваадалай мэдээлэв.