Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендер зарлалаа

2026-01-25 12:001min
20260125-120038-file.jpeg
Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зарлаж, материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний дотор хүлээн авна. Төслийн төсөв 17.3 тэрбум төгрөгөөр батлагдсан.

Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлын нээлттэй тендерийг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцох боломжтой юм.

Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авна. Тендерийн нээлт нь 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:30 цагт худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn дээр зохион байгуулагдах юм.

НИТХ-ын 2025 оны 25/133 дугаар тогтоолоор батлагдсан “Түймэрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажил” төсөл, арга хэмжээг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байна. Төслийн нийт төсөвт өртөг нь 17,339,996,000 төгрөг бөгөөд 2026 онд 8,670,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсан байна.

Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу уг төслийг хэрэгжүүлэх юм.

2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Шинжээчдийн дүгнэлтээр дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлсөн тул барилгыг буулгаж дахин барихаар шийдвэрлэсэн.

“Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 13 давхар, бүрэн цутгамал барилгыг 2025 оны 12 дугаар сард амжилттай буулгасан юм.