Цахим орчинд Индонезийн алтны уурхайгаас олборлолт хэмээн залилж байна

2026-01-25 11:001min
20260125-110032-file.jpeg
Цахим орчинд Индонезийн алтны уурхайгаас олборлолт явагдаж байна гэж иргэдийг төөрөгдүүлэн мөнгө залилж байгаа талаар анхааруулж байна.

Цахим орчинд “Индонезийн алтны уурхайгаас олборлолт явагдаж байна” хэмээн иргэдийг төөрөгдүүлэн залилж буй хэрэг гарч байна.

Залилагчид зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу лайв видеог мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.

Тэд тодорхой үнэ хэлэн, 100, 200, 300 метрийн гүнээс алт олборлохыг амлаж, оролцсон иргэдэд мөнгө шилжүүлэхэд татвар, шимтгэл төлөх шаардлагатай гэж хэлэн залилж байна.

Иймд цахим орчин дахь урамшууллын сугалаа, алт, үнэт чулуу зэрэгтэй холбоотой шууд дамжуулалт нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг болохыг анхааруулж байна.

Иргэд ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй мэдээллийг репорт хийх замаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Мөн зөрчилтэй вэб хуудсыг хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр илгээж болох бөгөөд хүсэлтэд зөрчилтэй вэбийн линк, нотлох баримт, тайлбарыг хавсаргах шаардлагатайг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.