Цагаан сарын тавгийн идээний ааруулын үнэ 250-300 мянган төгрөгт хүрчээ

2026-01-20 14:001min
20260120-140053-file.jpeg
Цагаан сарын баярт зориулсан тавгийн идээний ааруулын үнэ килограмм тутамд 30,000-65,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж, иж бүрдлээр 250,000-343,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар ойртож байгаа тул тавгийн идээний нэг хэсэг болох ааруулын үнэ өссөн байна.
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд ааруулын үнэ төрөл, чанараас хамааран килограмм тутамд 30,000-65,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, чихэртэй ааруул нэг килограмм нь 30,000 төгрөг, хорхой ааруул 32,000 төгрөг, сүүн ааруул 45,000 төгрөг, ямааны ааруул 65,000 төгрөгийн үнэтэй байна.
Таван үеэр засахад шаардлагатай 25 ширхэг ааруулын нийт үнэ 250,000-300,000 төгрөгийн хооронд байна.
Тогооны өрөм нь хэмжээнээсээ хамаарч 30,000-40,000 төгрөгийн үнэтэй, ээзгий нь 35,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Цагаан идээ фэйсбүүк группт ааруулын үнэ килограмм тутамд 29,000-40,000 төгрөгийн хооронд байна. Таван үеэр засах боломжтой 25 ширхэг сүүн ааруул, гурван ширхэг орой, нэг килограмм хорхой ааруулыг 250,000 төгрөгөөр борлуулж байна.
Мөн 30 ширхэг сүүн ааруул, гурван ширхэг орой, нэг килограмм хорхой ааруулыг иж бүрдлээр нь 281,000 төгрөгөөр, 40 ширхэг сүүн ааруул, гурван ширхэг орой, нэг килограмм хорхой ааруулыг 343,000 төгрөгөөр худалдаалж байна.