Малайзын Давж заалдах шатны шүүх Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгожээ

2026-01-20 13:011min
20260120-130059-file.jpeg
2006 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Хохирогчийн тал дээд шатны шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байна.

2006 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан гэж шүүгч Мунианди Канняаппан мягмар гарагт мэдээлжээ.

Уг шийдвэрийн дараа 18 жилийн турш үргэлжилсэн хууль шүүхийн маргаан Малайзын хамгийн дээд шатны шүүхэд очих боломжтой болж байна. Хохирогчийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Део Малайзын Холбооны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгааг мэдээлсэн байна.

Шаарийбуугийн Алтантуяатай холбоотой Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн аваагүй бөгөөд түүнд хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггит буюу 340,564 ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Хэрэг гарсан өдөр Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас Ш.Алтантуяаг хулгайлан авч явсан гэж тэмдэглэжээ.

Аллагыг үйлдсэн тусгай албаны цагдаа нар Азила Хадри, Сирул Азхар нар нь тухайн үед Нажиб Разак болон бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалахаар томилогдсон байсан юм. Хоёуланд нь шүүхээс цаазын ял оноосон боловч аллага үйлдсэн шалтгаан нь тогтоогдоогүй хэвээр байна.