Тэмээн поло бол Монгол бахархал

Өвөл цагийн аялал жуулчлалын нэрийн хуудас, говь нутгийн бахархал болсон “Тэмээн поло” спорт сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байна. Морин полог бодвол илүү хүч чадал, тэвчээр, басхүү тэмээтэйгээ ойлголцох асар их мэдрэмж шаарддаг энэ спортын талаар бид Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбооны Дэд ерөнхийлөгч Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.
Тэмээн поло гэхээр хүмүүс их сонирхож хүлээж авдаг. Морин пологоос юугаараа хамгийн их ялгаатай вэ?
Хамгийн том ялгаа нь мэдээж уналга буюу амьтан дээрээ бий. Тэмээ бол мориноос өндөр, том биетэй. Морь бол маш хурдан эргэлт хийж, огцом хурдалдаг бол тэмээ арай алгуур боловч асар их хүчтэй. Цохиурын хувьд тэмээ өндөр учраас морин пологийнхоос урт байдаг. Мөн тэмээний явдал “бөөрөлзгөнө” учраас түүн дээр тогтож, бөмбөгөө оновчтой цохих нь тамирчнаас өндөр ур чадвар шаарддаг даа.
Тэмээ бүр поло тоглож чадах уу? Тамирчин тэмээг хэрхэн сонгож, сургадаг вэ?
Үгүй ээ, тэмээ бүр тохирохгүй. Голдуу 5-10 насны, хөнгөн шингэн, номхон, хүний үг сайн авдаг тэмээг сонгодог. Тэмээгээ сургахдаа хамгийн түрүүнд бөмбөгнөөс айхгүй болгох, цохиурын хөдөлгөөнд дасгах хэрэгтэй. Тэгээд бусад тэмээтэй мөргөлдөх, бөөгнөрөл дунд орохдоо айхгүй, шаламгай байх тал дээр нь анхаардаг. Тэмээ тамирчин хоёр нэг хүн шиг ойлголцож байж л гоол оруулна.
Тэмээн полог өвлийн спорт гэж тодотгодог. Яагаад заавал хүйтэн сэрүүний улиралд тоглодог юм бол?
Энэ нь манай орны цаг уур, тэмээний онцлогтой холбоотой. Тэмээ өвөл тарга хүчээ авч, ноос нь ургаж, жавхааждаг. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын өв соёлыг сурталчлах зорилгоор “Тэмээний баяр”-ын үеэр гол тэмцээнүүд болдог юм. Тэмээн поло бол Монголын нүүдэлчин соёл, өв уламжлалыг орчин үеийн спорттой хослуулсан маш өвөрмөц, сонирхолтой спортын төрөл юм. Цасан дээр тэмээнүүд хатирч, бөмбөгний төлөө өрсөлдөх нь үзэгчдэд маш гайхалтай харагддаг.
Энэ спортоор хичээллэснээр залуучуудад болон малчдад ямар ач холбогдолтой вэ?
Нэгдүгээрт, энэ бол бие бялдрын болоод сэтгэл зүйн асар их тэвчээр суулгадаг спорт. Хоёрдугаарт, малчид маань тэмээгээ уналгад ашиглах, түүнийг хайрлах, үүлдэр угсааг нь сайжруулах сэдэл авдаг. Тэмээн поло бол зүгээр нэг тоглоом биш, Монгол хүний байгаль дэлхий, мал сүрэгтэйгээ харилцах соёлын нэг хэлбэр юм.
Тэмээн поло холбоо хэдэн онд үүссэн ямар зорилгоор байгуулагдсан бэ?
Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбооны 25 энэ жилийн тохиож байгаа ба Тэмээний өвлийн энэ удаагийн их наадам Монгол Улсын Ерөгнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагдаж буйгаар онцлог, баяр дээр баяр нэмсэн үйл явдал болж байна. Тус холбоо анх 2001 онд тэмээний тоо толгой 170 мянга болж цөөрөөд байсан эгзэгтэй цаг үед тэмээн сүргээ хамгаалах, өсгөн үржүүлэх эрхэм зорилготой байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хичээнгүйлэн ажилласны үр дүнд өнөөдөр тэмээний тоо толгой 520 мянгад хүрч өссөн нь манай малчид, холбооны хамт олны нөр их ажил, хөдөлмөрийн үр шим билээ. Түүнчлэн тэмээн поло спортыг тууштай хөгжүүлснээр энэ төрлөөр олон арван Спортын мастер, дэд мастерууд төрөн гарч, мөн тэмээний спортын шинэ төрөл болох Тэмээн дээрээс сур харвах, Тэмээн дээрээс шагай шүүрэх, Тэмээн уралдаан, Эмнэг сургах зэрэг олон төрөлд залуучууд хурд, хүч авхаалж самбай, тэвчээр хатуужил, оюун ухаанаа уралдуулан тэмээн спортын төрлийг хөгжүүлэх замаар Үндэсний спортын түүхэнд шинэ хуудас нэмж байгаад баяртай байна.
Тэмээн полог олон улсад сурталчлах боломж хэр байна вэ?
Маш их. Гадаадын жуулчид тэмээн полог үзээд дуу алддаг. Энэ бол зөвхөн Монголд л үзэж болох “экстрим” атлаа гоо зүйн спорт. Бид дүрмээ олон улсын жишигт нийцүүлж, аюулгүй байдлыг сайн хангаж дэлхийн хэмжээний өвөл цагийн брэнд спорт болох бүрэн боломжтой.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
