Чингэлтэйд “Урт цагаан” үйлчилгээний төв, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо

2026-01-18 10:001min
20260118-100036-file.jpeg
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, гурван давхар үйлчилгээний төвийг барьж, 2025 онд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьжээ.

2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга болон 109 автомашины багтаамжтай далд зогсоолыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдсэн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийдэхээр ажиллаж байна. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоос шууд үйлчилгээний төв рүү лифтээр гарна” гэж мэдээллээ.

“Урт цагааны гудамж нь анхнаасаа жуулчдад зориулагдсан бөгөөд шинэ гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээг явуулах юм. Дээд давхартаа террастай бөгөөд дулааны улиралд зоогийн газар ажиллуулахад тохиромжтой. Барилгын архитектур дизайн нь орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулсан. Давхар бүр ариун цэврийн өрөөтэй бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг шийдсэн” гэж хотын дарга хэлэв.

Тэрбээр мөн “Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загваруудыг гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа” гэв.

Хотын дарга ажлын эхлэлд эсэргүүцэл гардаг ч үр дүнд хүрч байгааг тэмдэглэж, “Урт цагааны үйлчилгээний төвд шинээр ажлын байр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэж онцолсон юм.