Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо

2026-01-17 11:301min
20260117-113023-file.jpeg
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, хуучин барилгын эвдрэл, мөөгөнцрийн улмаас үүссэн эрүүл мэндийн эрсдэл арилж, сурагчид тохилог орчинд суралцаж эхэллээ.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, хүүхэд багачууд ая тухтай, цэвэрхэн, эрүүл, тохилог орчинд суралцах боломжтой боллоо.

Тус сургуулийн хуучин барилга нь 1970 онд ашиглалтад орсон модон хийцтэй бөгөөд хананы туурга нь муудаж, мөөгөнцөр үүссэн нь багш, сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэсэн байна. 2012 онд Эрүүл зүйн бичил амь судлалын болон Эрүүл ахуйн халдвар судлалын шинжилгээний дүгнэлтүүд, мөн 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм.

Иймд сумын удирдлага, багш, эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу улсын төсөвт тусгуулан 2018 онд шинэ сургуулийн барилгын ажил эхэлсэн ч гүйцэтгэгч “Зос трейд” ХХК нь ажлыг удаашруулж, төсөвт өртгийг дөрвөн удаа нэмэгдүүлэн нийт 3.6 тэрбум төгрөг болгосон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 онд Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан байна.

Авлигатай тэмцэх газраас шаардлага тавьж хяналт хийсний үр дүнд “Зос трейд” компани барилгыг 2025 онд ашиглалтад оруулжээ.

Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийн асуудлыг сургуулийн захирал А.Отгонбаяр Боловсрол, шинжлэх ухааны яаманд уламжилж, 140 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Чандмань-Өндөр сумын сурагчид олон жил хүлээсэн шинэ сургуульдаа хичээллэж эхэлжээ.