Нийслэлд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шинэ арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ

2026-01-16 14:011min
20260116-140131-file.jpeg
Нийслэлд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сурагчдын хувийн хэрэгт бүртгэл нэвтрүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем ашиглах зэрэг арга хэмжээг авч байна.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг.

Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил судалгаа хийсэн бөгөөд дээрэлхэлт аман, бие махбодын болон цахим хэлбэрээр, ихэвчлэн сургуулийн дотор болон гадна орчинд гарч байгааг тогтоосон гэв.

Судалгаанд үндэслэн энэ оноос эхлэн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг гурван чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аман хэлбэрийн дээрэлхэлтийн эсрэг сурагчийн хувийн хэрэгт бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Хэрэв аман байдлаар дээрэлхэлт үйлдсэн нь нотлогдвол тухайн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр зөвхөн хүүхдэд бус эцэг эхэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ.

Мөн энэхүү бүртгэл нь цаашид их, дээд сургуульд суралцах болон гадаадад суралцахад нөлөөлөх тул эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай юм.

Хувийн хэрэгт тэмдэглэхээс өмнө сануулах, сэтгэл зүйчтэй уулзуулах, асуудал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох зэрэг арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлнэ. Хамгийн сүүлчийн шатанд л хувийн хэрэгт бичих журамтай.

Түүнчлэн сургуулийн дотор болон гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холбож, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр үе тэнгийн биеэр үйлдэх дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэнэ.

Насанд хүрэгчид ч мөн цахим орчинд соёлтой, боловсон, бусдыг хүндэтгэдэг, үлгэр дуурайлал үзүүлэх нь зүйтэй гэж А.Амартүвшин онцлов.

Мөн нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 12 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 237,560 суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамруулсан байна.

Мөн хоёр удаагийн нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 376,900 хүнийг хамруулжээ.

Зургаан зөвлөмж, 18 постер, таван видео контентыг боловсруулж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан бөгөөд эдгээр видео контентыг 70,925, зөвлөмжийг 22,890 хүн үзсэн байна.

Энэхүү чиглэлээр хоёр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 323 сургуулийг хамруулан ажиллаж байна. Үр дүнд нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцаж, багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, үе тэнгийн манлайлал, эерэг нөлөөлөл нэмэгдсэн байна.

Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Дээрэлхэгч биш – Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулах бөгөөд олон талт сургалтуудыг төлөвлөж байна.