“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорлоо.
“МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон тэргүүн байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч монгол бичгийг монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний соёлын өв хэмээн тодотголоо.
Монгол бичгийн соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан зохион байгуулагчид болон оролцогчдод талархал илэрхийллээ.
“Монголын сайхан бичигтэн-2025” уралдаанд Монголын бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.
Хөвсгөл, Увс, Баянхонгор аймаг хамгийн олон оролцогчтой байжээ. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган уралдаанд бичвэрээ ирүүлсэн байна.
Ахмад оролцогч нь 74 настай Т.Данаажав, хамгийн бяцхан нь 6 настай Д.Амина нар байлаа.
Уран зургийн галерейд уралдааны шилдэг бүтээлүүдийг 2026 оны нэгдүгээр сарын 18 хүртэл үзэсгэлэнгийн хэлбэрээр дэлгэн үзүүлнэ.
Уралдааны дүнгээр насанд хүрэгчдийн ангилалд Э.Бямбасүрэн, Н.Отгонсүрэн, Ж.Ариунзул, Б.Билгүүнсаран, Ж.Энхжаргал нар тэргүүлсэн.
Мэргэжлийн багш нарын ангилалд Б.Цэрэндэжид, Н.Цолмон, Э.Ганцэцэг, Б.Долгормаа, Б.Уранбилэг нар шилдгээр шалгарчээ.
Гадаад улсын монгол бичигтнүүдийн ангилалд Алтансан, Булгутова Арюна, А.Мэргэнбат, Б.Хасчимэг, Ц.Оюунбилэг нар тэргүүн байр эзэлсэн.
Уран бичлэгийн ангилалд Д.Оюун-Эрдэнэ, Л.Ишдорж, А.Оч, П.Саранбилэг, Г.Ганзориг нар шилдэгээр тодорсон.
Сайхан бичигтэн анги, бичвэрийн бус бүтээлийн ангилал болон сурагчдын ангилалд олон багш, сурагчид шагнал хүртсэн.
Мөн нэрэмжит шагналуудыг “Ш.Лувсанвандан сан”, ахмад дипломатч Г.Луузан, Ч.Намчин, МУГЖ Р.Анхням, “Монгол дуу, дүрс сан” ТББ болон Элчин сайдын нэрэмжит шагналтнууд хүртжээ.
