Нийслэл 8.7 тэрбум төгрөгөөр нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлнэ

2026-01-15 17:011min
20260115-170119-file.jpeg
Нийслэл энэ хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 5,000 тонн нөөцийн махыг 13,000-15,000 төгрөгийн үнийн хязгаартайгаар худалдаалах бөгөөд хүүгийн хөнгөлөлтөд 8.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5,000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэжээ. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос жижиглэнгээр худалдаалах бөгөөд хонины махыг килограмм тутамд 13,000 төгрөг, үхрийн махыг 15,000 төгрөгөөр борлуулах юм.

Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн өсөлттэй холбоотойгоор борлуулалтыг эрт эхлүүлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Энэ жил нөөцийн махыг есөн аж ахуйн нэгж бэлтгэж байгаа бөгөөд нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд нийслэлийн төсвөөс 8.7 тэрбум төгрөгийг олгохоор баталжээ.

Өнгөрсөн жил 8,713 тонн нөөцийн махыг бэлтгэн худалдаалсан байна.