Нийслэл үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох арга хэмжээг боловсруулж байна

2026-01-15 15:001min
20260115-150049-file.jpeg
Нийслэлийн удирдлагууд үе тэнгийн дээрэлхэлтийг аман, бие махбодын болон цахим хэлбэрээр зогсоох гурван чиглэлээр арга хэмжээ авахыг төлөвлөж байна. Хувийн хэрэгт тэмдэглэл оруулж, хиймэл оюунаар хяналт тавих зэрэг арга хэрэгжүүлэх юм.

Сургууль болон дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоохын тулд багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын оролцоо хамгийн чухал юм.

Өмнө нь дээрэлхэлт ихэвчлэн сургууль, дотуур байранд гардаг байсан бол одоо цахим орчинд тасралтгүй үргэлжилж байна. Зарим хүүхэд дээрэлхүүлж байгаагаа эсвэл буруу харьцаж байгаагаа ойлгохгүй байх тохиолдол бий. Иймд дээрэлхэлтийн төрөл, хор уршиг, ирээдүйн амьдралд үзүүлэх нөлөөг мэдүүлэх нь чухал үүрэг юм.

Гэвч нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг, зураг дээр үндэслэн хэд хоног шуугисны дараа дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь бодит байдал юм.

Нийслэлийн удирдлагууд болон олон улсын байгууллагууд дээрх асуудлыг сүүлийн хоёр жил судалж, тодорхой арга хэмжээ авах шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэв.

Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход гурван чиглэлээр ажиллана. Үүнд: аман байдлаар доромжлох, бие махбодын буюу цохих, зодох, цахимаар дээрэлхэх гэсэн хэлбэрүүд орно. Эдгээр бүрд тусгай арга хэмжээ авна.

Аман дээрэлхэлтийг зогсоохын тулд хувийн хэрэгт тэмдэглэл оруулна. Хүүхдүүд нэгнийгээ доромжилж байгааг тогтоовол хувийн хэрэгт “дээрэлхсэн” гэж тэмдэглэнэ. Ингэснээр эцэг эхийг хариуцлагажуулна. Хэрэв тэмдэглэл орвол хүүхдийн их сургуульд орох, гадаадад сурах боломжид нөлөөлөх тул эцэг эхчүүд илүү анхаарал хандуулах болно. Гэхдээ нэг тохиолдол гарах бүрт тэмдэглэл бичихгүй, эхлээд сануулга өгч, сэтгэл зүйчтэй ярилцаж, шалтгааныг тогтооно. Эцсийн шатанд хувийн хэрэгт тэмдэглэл оруулна” гэж онцлов.

Бие махбодын дээрэлхэлтийг зогсоох талаар “Сургууль, цэцэрлэгийн дотоод болон гадаах камерууд бүгд нэгдсэн сүлжээнд холбогдсон бөгөөд хиймэл оюунаар хянагдана. Багш хүүхдүүдтэй зүй бус харьцвал хиймэл оюуны систем түүнийг илрүүлнэ. Хүүхдүүд хоорондоо зодолдох тохиолдолд мөн хиймэл оюунаар тогтооно” гэж мэдээлэв.

Цахим дээрэлхэлтийг зогсооход томчуудаас шууд хамааралтай тул тэд өөрсдөө үлгэр дуурайлал болохыг санууллаа. Мөн нийслэл 18 хүртэлх насныхны олон нийтийн сүлжээний хаягийг эцэг эхийн хяналттай болгож, харагдах контент, мэдээлэлд хязгаарлалт тогтоох саналыг боловсруулж байна.