Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны дөрвөн шинэ технологийг нутагшууллаа

2026-01-13 15:001min
20260113-150029-file.jpeg
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, гадаад руу эмчлүүлэх шаардлагыг бууруулжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсад бүрэн нутагшуулжээ. Энэхүү шинэ технологиуд нь гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдийн урсгалыг бууруулахад хувь нэмэр оруулж байна.

Эмнэлэг нь гол судасны хүнд хэлбэрийн хуулрал болон хавхлагыг хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг анх удаа амжилттай гүйцэтгэсэн байна. Мөн хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны жижиг хэмжээтэй холбоотойгоор хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал тул хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болж байна.

“Бо-Ян” техник ашиглан механик протезоор солих мэс заслыг зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүлжээ. Түүнчлэн, митрал хавхлагын халдварт эндокардиттай өвчтөнд минимал инвазив хүрцээр митрал хавхлага солих мэс заслыг бие даан гүйцэтгэсэн байна. Дотоодын баг “J” хэлбэрийн зүслэгээр минимал инвазив хүрцээр гол судасны хавхлага солих мэс заслыг мөн анх удаа нэвтрүүлсэн нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2-3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Люксембург, Франц, Герман, БНСУ, Япон, Тайвань, Австрали зэрэг улсын тэргүүлэх эмнэлгүүдтэй 10-25 жил тасралтгүй хамтран ажилласны үр дүнд титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, хүүхдийн хавсарсан хөх, төрөлхийн гажиг, гол судасны цүлхэн хуулрал, CABG, OPCAB, Bentall, David, TEVAR, EVAR, MIDCAB зэрэг өндөр түвшний мэс заслуудыг эх орондоо бүрэн нутагшуулжээ.