OpenAI компани ChatGPT Health үйлчилгээг АНУ-д нээлээ

2026-01-12 13:421min
20260112-134225-file.jpeg
OpenAI компани ChatGPT Health нэртэй шинэ эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг АНУ-д нээж, хувийн мэдээллийг нууцлахыг амлажээ. Энэхүү үйлчилгээний эрсдэл, нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнөж байна.

OpenAI компаниас мэдээлснээр долоо хоног бүр 230 сая хүн эрүүл мэндтэй холбоотой асуултуудыг ChatGPT-д тавьдаг байна. Тус компани ChatGPT Health нэртэй шинэ үйлчилгээг АНУ-д нээж, энэ үйлчилгээ нь хэрэглэгчдийн эрүүл мэндийн бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хариулт өгдөг юм.

ChatGPT Health үйлчилгээнд хэрэглэгчид хоолны дэглэмийн талаарх мэдээллээ ч хуваалцаж, хүн бүрт зориулсан тусгай зөвлөгөө авах боломжтой. Компанийн мэдэгдсэнээр, ирүүлсэн мэдээллийг нууцалж, хиймэл оюун ухааныг сургахад ашиглахгүй гэдгийг онцолсон байна.

Мөн тус үйлчилгээний зөвлөгөөг онош тогтоох, эмчилгээний зорилгоор ашиглахгүй байхыг анхааруулжээ. Шинэ үйлчилгээг бусад улс орнуудад нээх эсэх, хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна.

Эрүүл мэндийн мэдээлэл нь хүний хувийн, эмзэг мэдээлэлд тооцогддог тул өндөр түвшний нууцлал шаардлагатай. Иймээс зарим хүн ChatGPT Health үйлчилгээнд эргэлзэж, OpenAI компани хүн бүрт тусгай, хувийн шинж чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготой байгааг шүүмжилж байна.

Мөн ChatGPT болон ChatGPT Health тус тусдаа санах ойтой байх уу, эсвэл нэгэнтэй хийсэн яриаг нөгөө нь санаж, харилцан яриандаа ашиглах уу гэх мэт олон асуулт гарчээ.

OpenAI компани ChatGPT Health үйлчилгээг эмзэг мэдээллийг нууцлах, сайн хамгаалалттайгаар хөгжүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү үйлчилгээг эмч нарын ажлыг орлох бус, харин тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тайлбарлав.

Иргэд Apple Health, Peloton, MyFitnessPal зэрэг эрүүл мэндийн аппликэйшний мэдээллээ ChatGPT Health-д хуваалцах боломжтой юм.

Шинэ үйлчилгээг танилцуулахад хиймэл оюун ухаан эрүүл мэндтэй холбоотой буруу зөвлөгөө өгвөл ямар үр дагавартай байх, иргэдийг ятгаж үнэмшүүлэх эрсдэл, зөвлөгөөний найдвартай байдал болон зах зээлд үзүүлэх нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнөж байна.