Венесуэл улс газрын тосноос гадна алт, байгалийн хий болон бусад эрдэс баялгийн нөөцтэй

Венесуэл улс газрын тосноос гадна олон төрлийн эрдэс баялгийн нөөцтэй байна. Тухайлбал, тус улс дэлхийд есдүгээрт жагсах байгалийн хийн томоохон нөөцтэй бөгөөд 2023 оны байдлаар 5.5 их наяд шоо метр байгалийн хийтэй байна. Энэ нь нийт Өмнөд Америк тивийн байгалийн хийн нөөцийн 73 хувийг эзэлдэг бөгөөд ихэнх нь газрын тосны олборлолтын дайвар бүтээгдэхүүн юм.
Мөн Венесуэл алтны нөөцөөр Латин Америкийн орнуудаас хамгийн ихтэй бөгөөд батлагдсан нөөц нь ойролцоогоор 161.2 тонн, үүнийг өнөөдрийн ханшаар тооцвол 23 тэрбум ам.долларын үнэтэй гэж тооцогддог. Алтны батлагдаагүй томоохон нөөц ч бий гэж үздэг.
Түүнчлэн тус улсад гурван тэрбум тонн нүүрс, 14.68 тэрбум тонн төмрийн хүдэр, 407,885 тонн никель, 99.4 сая тонн орчим боксит, 1,020 сая карат алмаазын нөөц байдаг гэж 2018 оны тоо баримтад дурдсан байна.
Венесуэл улс газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2023 оны байдлаар 303 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцтэй. Газрын тосны ихэнх хэсэг нь тус улсын зүүн хэсэгт байрлах Оринокогийн бүсэд оршдог бөгөөд энэ газрын тос нь өндөр нягтралтай, зуурамтгай чанартай тул олборлоход хүндрэлтэй байдаг. АНУ-ын эзэмшдэг нарийн технологиор олборлодог энэхүү газрын тос дэлхийн зах зээлд харьцангуй хямд үнээр зарагддаг.
Венесуэл улс газрын тос экспортлогч улсуудын холбоо OPEC-ийг 1960 онд үүсгэн байгуулсан бөгөөд 1990-ээд оноос 2000-аад оны эхэн үе хүртэл АНУ-д газрын тосны томоохон нийлүүлэгч байв. Гэвч улс төрийн тогтворгүй байдал, менежментийн алдаа, хөрөнгө оруулалтын дутагдал, АНУ-ын хориг арга хэмжээний улмаас экспорт нь эрс буурсан байна.
2024 онд Венесуэлийн төрийн өмчит PDVSA компанийн газрын тосны нийт борлуулалтын хэмжээ 17.52 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд сүүлийн арван жилд Хятад улс хамгийн том худалдан авагч болжээ. 2025 оны арваннэгдүгээр сард Венесуэл улс өдөрт 952,000 баррель газрын тос экспортолж байсан бөгөөд үүний 81.7 хувь нь Хятадад нийлүүлэгдэж байв.
