Нийслэлд нэгдүгээр сарын 20-ноос 410 цэгээр нөөцийн мах худалдаална

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба жил бүр нөөцийн мах бэлтгэдэг.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 аж ахуйн нэгжээс ес нь нөөцийн мах бэлтгэж байна.
Одоогийн байдлаар бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 410 худалдааны цэгээр нөөцийн махыг худалдаалж эхэлнэ.
Үнийн хувьд үхрийн махыг килограмм тутамд 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр борлуулах юм.
Энэ жил нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Мөн сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Нөөцийн махны чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн хяналт шалгалтыг хийж байна.
